Thursday, May 10, 2012

Боловсролын салбарынхны хүлээж байсан хууль батлагдлаа

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана. Түүнчлэн багш сайн байвал боловсролын эцсийн үр дүн сайн байна хэмээн үзэж багшийн хөдөлмөрийг үнэлж багш нарыг таван жил тутам мэргэжил дээшлүүлэхэд нь төсвөөс мөнгө гаргаж өмчийн хэлбэрийг үл харгалзан олгох тухай заасныг хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм. Ингээд энэ хуулийг санаачлагч гишүүн Д.Оюунхоролтой ярилцан илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлаа.

-Боловсролын хууль шинэч­лэгдэн батлагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамтран өргөн барьсан. Хуулийг өргөн барьсан гол зорилго нь боловсролын салбарт ажиллагсадын хөдөлмөрийн хөлсний үнэлгээ өөр байна, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна, багш нарын ачаалал их байна, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ шударга биш байна, багш нарт олгож байгаа нэмэгдэл урамшуулалыг төрийн албан хаагчдын цалин хөлсний урамшуулалтай адилтгаж ойртуулах шаардлага байна гэж үзсэн. Энэ хуулийн агуулга нь боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний ялгааг багасгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг багцаар нь шийдсэнээрээ онцлог. Түүнчлэн энэ хууль бол боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх, үнэлгээний системийг шинэчлэх хууль болсон. Хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын үндсэн үйл ажиллагаа, сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг зарим ажилтнууд тухайлбал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш,  цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмч өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан ч ямар ч тэтгэмж авдаггүй. Харин ирэх оноос энэ байдал өөрчлөгдөнө. Боловсролын салбарт ажиллаж байгаа 17 мянган хүн боловсрол олгох үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж байдаг. Эдгээр ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх боломж хуулийн хүрээнд бий болсноор, тодруулбал, тэтгэмж ялгавартай олгогдож  байгаа зөрчлийг  арилгаж эдгээр ажилтнуудад хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг цэцэрлэг, сургуулийн багшийн нэг адил олгох нь хөдөөгийн сургуулиудын хүний нөөц тогтвортой болж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр болно хэмээн үзэж байгаа.

-Хууль батлагдсанаар багш ажилчдын нийгмийн ямар асуудал шийдэгдэхээр болж бай­гааг тодруулаач?

-Энэ хууль батлагдсанаар боловсролын туслах ажилтан гэдгийг томъёолоод сургуулийн нярав, нягтлан, засварчин, тогооч, манаач, үйлчлэгч гээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж дэмждэг бүх хүмүүсийг хамруулан 25 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэртээ гарахад нь  36 сарын хөдөлмөрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог байхаар шийдсэн. Энэ нь төрийн өмчийн сургуульд ажиллаж буй багш, ажилчдад  эхэлж хэрэгжинэ. Мөн Боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах шийдлийг гаргасан. Багш нарын мэргэжил боловсролоо дээшлүүлэх асуудлыг төрөөс хариуцдаг байхаар болсон. Өнөөдөр багш нарын авч буй цалин хөлс төдийлэн өндөр биш байдгаас мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарал тавьж тэр бүр чаддаггүй. Ер нь нийгмийн ажилтан болон бусад ажилтнуудад олгохгүй байгаа асуудлыг хуульчилж өгөөчээ гэдэг асуудлыг ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар УИХ-ын гишүүдийг хөдөө орон нутаг, нийслэлд ажиллахад бүх уулзалтууд дээр ярьдаг байсан. Тийм учраас энэ асуудлгыг засаж залруулах шаардлагатай байна гэж үзсэн дээ.

-Хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 

-Төсөвт хэр ачаалал үзүүлэх вэ?

-Би өмнө хэллээ. Боловсролын салбарт 17 мянган ажилтан байна гэж. Жилд 6400 нь тэтгэвэрт гарлаа гэж тооцоолоход улсын төсөвт 2013 оноос эхлэн дөрвөн тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Энэ мөнгийг төсөвт суулгаад явахад боломжтой л зүйл.

-Хэлэлцүүлгийн явцад өөрч­лөгдсөн зүйл юу байв?

-Байнгын хороон дээр туслах ажилчдад таван жил тутамд урамшуулал олгож байх заалт унасан. УИХ-ын чуулган дээр олон гишүүд энэ заалтыг эсэргүүцсэн. Байнгын хорооны ажлын хэсгийнхэн нэлээд хэдэн удаа уулзаж ярилцаж байж ядаж 25 жил боловсролын салбарт ажилласан туслах ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь урамшуулал олгодог тогтолцоог нь ижилсгэн авч үзье  гэж байж оруулахаар болсон. Ингээд туслах ажилчин бүгдийг нь тэтгэвэртээ гарахад нь 18 сар, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж баталсан. Энэ нь өнөөдөр боловсролын салбарт ажиллаж буй туслах ажилтнуудын хувьд маш сайхан мэдээ. Энэ заалт маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Боловсролын салбарт ажиллаж байгаа галч, цэвэрлэгч гээд л олон мянган хүүхдийн сурах орчин нөхцлийг бүрэлдүүлэх гэж цаг наргүй, хар бор ажлын хатуу хүтүүг хийж явдаг хүмүүсийг дэмжих нь зөв гэдгийг олон удаа тайлбарлаж байж ийм үр дүнд хүрлээ. Ийнхүү боловсролын салбарт ажиллаж байсан 17 мянган хүний хүлээж байсан хууль батлагдлаа.

-Кембрижийн тогтолцоог нэвтрүүлэх, боловсролын тогтол­цоонд өөрчлөлт авчирсан гэдгийг тайлбарлавал?
-Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 5,4,3 гэсэн хувилбараар хуульчилж баталлаа. Энэ нь бага боловсролыг таван жилээр, суурь боловсролыг есөн жилээр, бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгож байхаар хуулийн заалтыг баталсан. Дээр нь анх удаа боловсролыг тэргүүлэх салбар гэж авч үзэж боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа, боловсролын үйл ажиллагааг эрхэлж байгаа аливаа байгууллагыг өмчийн хэлбэрийг үл харгалзах байдлаар, мөн багш гэдэг хүн өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамаараад багшийн хөгжлийн асуудал, багшийн нийгмийн асуудал дээр төрөөс анхаарах асуудлыг тэгш тавьж өгч байгаагаар энэ хуулийн онцлогтой.

-Орон нутгийн сургууль боловсролын байгууллагад ажил­лах, хотод ажиллахын ялгаа гарах уу. Шинэ хуулиар?

-Хөдөөд ажилласан бол тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж, хотод ажилласан бол 18 сарын тэтгэмж гэх зэргээр ялгаа орсон.

-Боловсролын тогтолцооны шинэчлэл цаашид ч үргэлжлэх байх. Үүнтэй холбоотойгоор эргэн харах ямар хууль, асуудал байна?

-Төрийн албыг чадварлаг, цомхон болгоё гэвэл нийгмийн асуудлыг нь маш сайн шийдэж өгөх ёстой. Эдгээр хүмүүсийн оюуны хүслийг нь ашиглая гэвэл нөхцөл бүрдүүлэх ёстой. Саяхан батлагдсан Сонирхлын зөрчлийн хууль дээр хэлэх санал байна. Боловсролын салбарын төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс маань эрдэм шинжилгээний байгууллага, боловс­ролын байгууллагад давхар ажиллах боломжийг хаасан байгаа. Түүнчлэн төрийн албан хаагчид өв залгамжлуулах эрхээ хэрэгжүүлэхэд нэлээд хаалттай болсон.  Гол нь авлигатай тэмцэх асууд­лыг хаах талаар ажиллах нь зөв ч хэт туйшруулж болохгүй л дээ. Төрийн албанд ажиллаж байгаа хүн бүр баяжаад, авлига аваад байгаа гэж хаана ч хэлж болохгүй. Цалингаас цалин­гийн хооронд ажиллаж буй хүмүүс олон байна. Тэдгээр хүмүүс хэлмэгд­чих вий дээ гэсэн болгоомжлол байна.    

-Боловсролын хуульд ямар өөрчлөлт орсон талаар уншигч­дад ойлгомжтой болсон байх. Харин сүүлийн үед өрнөөд буй улс төрийн сэдвийн талаар таны бодлыг сонсмоор санагдаж байна?

-Ямар сэдэв..

-Н.Энхбаярын талаар?

-Надад энэ сэдвээр ярих зүйл олон байна. Гэхдээ хэн нэгнийг ядарч зүдрээд явж байгаа хүнд хэцүү үед нь, эмэгтэй хүнийхээ хувьд дуугүй л байж байсан нь дээр гэж бодож байна. Тэр хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна гээд байхад нь тэр сэдвээр яриад байх нь тийм ч зохистой биш байх. Яримааргүй байна.

-Тэгвэл энэ талаар ярихаа больцгооё. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн квотыг хууль­чилсан. Гэхдээ бодит байдал дээр энэ сонгуульд эмэгтэйчүүд улс төрд орж ирэх боломж нь хангагдсан уу. Танай намын хувьд эмэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн өрсөлдүүлэх гэж байна?

-Одоогоор МАН-ын удирдла­гууд­тай санал солилцож байгаа. Албан ёсны шийд гарах болоогүй байна. Намын бага хурлаар нэр дэвших асуудлыг шийднэ. Ер нь бол эмэгтэйчүүдийн 20 хувийн квотын асуудал хуульчлагдчихсан учраас сонгуульд оролцох улс төрийн нам болгон нэр дэвшигчдийнхээ 20 хувийг эмэгтэй байлгаж СЕХ-нд бүртгүүлнэ. Иймд манай нам 20 хувьдаа эмэгтэй нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх нь ойлгомжтой. Манай олон эмэгтэйчүүд тодорхой хугацаанд тойргууд дээр ажилласан, нийгэмд танигдсан, улс төрд орох бэлтгэлээ хангасан байгаа.

-МАН-ын мөрийн хөтөлбө­рийг Аудитын газраас буцаасан. Ямар заалтууд буцсан юм бэ?
-УИХ-ын Сонгуулийн хуулинд тооцоо судалгаа шаардсан, мөнгө төгрөг амласан мөрийн хөтөлбөрийг оруулахгүй гээд заачихсан байгаа. Үүний дагуу тооцоо судалгаа шаардсан зарим зүйлийг өөрчлөх санал ирсэн. Үүнийг намын удирдах зөвлөл дээр ярилцаад агуулгын хувьд бүгдийг нь өөрчлөөд СЕХ –нд  бүртгүүлсэн.

-1,3 сая төгрөгийн цалинтай болгох, 21 мянгыг үргэлжлүүлэн олгох зэрэг санааг хэрэгжих боломжгүй амлалт хэмээн бусад намууд шүүмжилж байсан. Эдгээр заалтуудыг нам дээр яахаар болов?

-Сонгуулийн хуулиар эдийн засгийн тоон үзүүлэлттэй амлалтыг аль ч улс төрийн намууд өгөхгүй байгаач гэх саналыг гаргасан. Эдийн засгийн тооцоо судалгаатай, тухайн жилийн мөнгө санхүүгийн тооцоо, инфляцитай уялдуулж, эдийн засгийн агуулгаар нь хөгжлийн бодлогоо авч явдаг байх нь зөв юм гэх байдлаар асуудалд хандаж шийдэж байгаа.
Б.МАНДАХ

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам